Антропологич Клифорд Геерц нэгэнтээ соёлыг “Хүмүүсийн өөрсдөө нэхдэг өөрсдөө түүндээ дүүжлэгдэн хүлэгдсэн байдаг утга учрын тор” хэмээсэн байдаг. Энэтхэгчүүд ямар торыг хэрхэн нэхэж өдийг хүрээд, тэр нь Монгол хэмээх нүүдэлчин уламжлалтай их өөр нэхээс бүхий нийгэм соёлоос ирсэн надад хэрхэн харагдаж, ойлгогдож буй талаараа бичлээ.
Энэтхэгийн нийгмийн бүтэц нь ямар ч зохион байгуулалт, эмх замбараа байдаггүй. Энд бүх зүйлс нэг дор холилдон оршин байдаг. Жишээлбэл: Хотын зохион байгуулалт, төлөвлөлтийг авч үзье. Баячуудын гудам ядуучуудын хороолол гэж байхгүй бүх давхаргынхан хөрш зэргэлдээ, дэлгүүр хоршоо, хүнсний зах, сургууль, банк, эмнэлэг, сургалтын төвүүд, гудамжны худалдаа, хоолны газрууд, эмийн сан, хурим найр болох, шашны зан үйл, үсчний газар, интернэт кафе, хогийн цэг, энд тэндгүй үхэрнүүд, тоглож буй хүүхдүүд, бөөгнөрөн хөзөр ч юмуу мөрийтэй тоглож байгаа хүмүүс гээд бүгд нэг дор зэрэгцээд оршин буй. Мөн замын хөдөлгөөнд оролцоход нилээд хүндрэлтэй. Яагаад гэхээр энд тэндгүй тольгүй машинууд бие биенээсээ түрүүлэх гэж урсгалаа дайраад л, автобусны зогсоол гэж байхгүй замын голд зорчигчоо буулгаж аваад л, хүмүүс нь гэрлэн дохио хэрэглэхгүй зам хөндлөн гарна, оттонууд нь дохионы гэрэл гэж байхгүй гараараа дохилцоно, замын голд жолооч нар нь бие биенээсээ зам асууна, зам дээгүүр явж машин дотор байгаа хүмүүст бараа зарах ...
Тэгэхээр эндхийн амьдралаас нэг тийм эрээвэр хураавар, эмх замбараагүй дүр зургийг харж болмоор. Гэхдээ энэ бүх эмх замбараагүй зүйлс нэг нэгэнтэйгээ зөрчилдөхгүй, асуудал үүсгэхгүйгээр эвтэйхэн зохицон оршиж чадаж байгаа нь үнэхээр гайхал төрүүлмээр. Үүний учир нь:
Эрт дээр үеэс уламжилж ирсэн нүүдлийн соёл маань биднийг хувь хүний чадварын тал дээр сайн хүмүүжүүлжээ. Монголд та хаа нэгтээ зар уншиж суухдаа ч юмуу “Багаар ажиллах чадвартай хүнийг шалгаруулж авна” гэсэн хэсгийг уншиж байсан л байх. Энэ бол бидний хүнтэй хамтран ажиллаж сураагүйн, үүнийг сурах цаг нь болсны нэг илрэл юм. Нэг үгээр хэлбэл Монголчуудыг индивидуалист гэж хэлж болохоор санагдана. Харин Энэтхэгчүүд биднээс яг эсрэгээрээ коллективтай ард түмэн. Тэдний эмх замбараагүй нийгмийн оршин тогтнож чадаж байгаа учир нь үүнд байгаа юм.
Энэтхэгт байнга л энд тэнд баяр наадам, хурим найр, ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал эсвэл шашны зан үйл болж байдгийг хэн хүнгүй мэдэх байхаа. Үүнийг Энэтхэг хүмүүс зугаа цэнгэлд дуртай гээд өнгөцхөн дүгнээд өнгөрч болох хэдий ч ... баяр наадам нь тэдний коллективоо сайжруулах эрт дээр үеэс уламжилж ирсэн нэг арга хэрэгсэл нь юм. Монголынхоо үндэсний баяр болох наадмыг аваад үзье. Тэнд нэг нь ялсан нөгөө нь ялагдсан, хооронд нь хүчийг нь уралдуулсан, нэг хүнийг өндөрт гаргасан тэмцээн байдаг болохоос бөөнөөрөө дуулж бүжиглэсэн, нийтээрээ баярласан тийм үйл явдал болдоггүй.
С.Сувдаргана
No comments:
Post a Comment